2020-12-11


Даваа гарагаас худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 07:00-22:00 болгоно



Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1280 тоот захирамж гарлаа.

Захирамжийн агуулга нь 2020.12.14-нөөс үйл ажиллагаагаа эхлүүлэх үйлчилгээний байгууллагууд коронавирусийн халдвараас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахад тавих шаардлага, хэрэгжилтийг хянах, удирдлагаар хангах, эрсдэлийг бууруулах ажлыг тогтмол зохион байгуулах, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэх, хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар, зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг олон нийтэд сурталчлан таниулахад чиглэжээ.

Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй найман үйлчилгээнээс бусад 52 төрлийн үйлчилгээг эрсдэлийн зэргээр нь нэг бүрчлэн авч үзээд 18 төрлийн үйлчилгээний байгууллагаас бусад чиглэлийн үйл ажиллагааг 2020.12.14-ний өдрөөс нээх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Нэг дор иргэдийг олноор төвлөрүүлж, үйлчилгээ үзүүлдэг, агаар дуслын замаар халдвар тархах магадлалтай, нэн шаардлагагүй, өндөр эрсдэл бүхий эдгээр 18 төрлийн үйлчилгээний байгууллагыг цаашид үе шаттай нээх юм.

Эхний ээлжид дараах 34 салбарыг нээхээр болсон. Үүнд:

  1. Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  2. Барилгын материалын худалдаа
  3. Модны зах
  4. Авто техникийн зах
  5. Ресторан
  6. Кафе
  7. Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх цайны газрууд/
  8. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
  9. Хүргэлтийн хоол
  10. Кофе шоп
  11. Хувцас захиалга, засвар
  12. Гутал захиалга засвар
  13. Гэр ахуйн тавилгын захиалга, засвар үйлчилгээ
  14. Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар
  15. Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга засвар
  16. Цүнх захиалга, засвар
  17. Нүдний шил захиалга, засвар
  18. Цоож, түлхүүр засвар
  19. Цаг засвар
  20. Хими цэвэрлэгээ, угаалга
  21. Гэрэл зураг
  22. Айл нүүлгэх үйлчилгээ
  23. Эд бараа түрээслэх үйлчилгээ
  24. Нийтийн бие засах
  25. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/
  26. Авто засвар /агрегат, кузов/
  27. Дугуй засвар
  28. Автомашины угаалга
  29. Автомашины доторлогоо
  30. Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг аккуммулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
  31. Авто зогсоол /битүү, ил/
  32. Нийтийн байрны үйлчилгээ
  33. Барилга засвар
  34. Такси үйлчилгээ гэсэн 34 чиглэлийн үйл ажиллагааг нээх юм.


Бидэнтэй холбогдох