2020-12-10


Орон нутгийн дулаан хангамжийн талаар хэлэлцлээ



Эрчим хүчний сайдын зөвлөл өнөөдөр /12.10/ цахимаар хуралдлаа.

Хурлаар олон улсын банк, гадаадын зээл, тусламж, бондын хөрөнгөөр хэрэгжих төсөл хөтөлбөрт дотоодын туслан гүйцэтгэгчийг оролцуулах журмын төсөл, төвлөрсөн дулаан хангамжтай аймгийн төвийн дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах үйл ажиллагаа эрхэлдэг компанийн төсөв санхүү, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, үнэ тариф шинэчлэх боломжийг судлах ажлын хэсгийн тайланг хэлэлцэв.

Гадаад эх үүсвэртэй томоохон төслүүдэд хөрөнгө оруулагч орны гүйцэтгэгч хийх шалгуур тавьдаг. Иймд дотоодын ажиллах хүчний хувь хэмжээг нэмэхээр ажлын хэсэг байгуулж, журмын төсөл боловсруулжээ. Журамд олон улсын зээлийн гэрээ, хэлэлцээрт дотоодын ажиллах хүчний хувь хэмжээг заах, тендерт санал ирүүлэхдээ дотоодын оролцооны хувь хэмжээг батлах, шалгуур үзүүлэлт хангасан туслан гүйцэтгэгчийн мэдээллийг захиалагчид ирүүлж, зөвшөөрөл авахыг тусгажээ. Журмын төслийг хэлэлцэн, ЭХ-ний сайдын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, редакцийн засвар хийж батлах нь зүйтэй гэж үзлээ.

Орон нутгийн дулаан хангамжийг хэвийн байлгах, хэрэглээний бүтэц, санхүү, эдийн засгийн үр ашиг, үнэ тарифийн нөхцөлийг судлан уг асуудлыг анх удаа нэгдсэн бодлогоор хэлэлцэв. Орон нутгийн дулааны компаниудын авлага, өглөгийн бүтцийг авч үзвэл төсөвт байгууллага, аж ахуйн нэгжээс авлага их байгаа бөгөөд бүх төрлийн өглөг хуримтлагджээ.

Зардлын бүтцийн хувьд төрийн өмчийн компаниудын цалингийн зардал өндөр бол хувийн компаниудын түлшний зардал өндөр байна.

Улсын хэмжээнд цахилгааныг нэг тарифаар тооцож, төлбөр нэхэмжилдэг байхад орон нутгийн дулааны үнийн тариф аймаг бүрт харилцан адилгүй байна. Иймд орон нутгийн дулааны хэрэглэгчийн үнэ тарифийг улсын хэмжээнд ижил болгох, хэмжүүржүүлэх шаардлагатайг онцлов.

Орон нутгийн дулааны компаниудын удирдлагын томилгоонд мэргэжлийн байх шалгуур тавих шаардлагатайг ажлын хэсэг дүгнэжээ.

Эрчим хүчний сайд Н. Тавинбэх “ Орон нутгийн дулаан хангамжийн асуудлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан ч өдрөө аргацааж байна. ЭХЯ, орон нутгийн удирдлага зэрэг олон талтай энэ үйл ажиллагааг нэгдсэн байдлаар Засгийн газарт танилцуулах нь зүйтэй”-г тэмдэглэв


Бидэнтэй холбогдох