2022-04-14
Эрдэмтэд цэвэршилтийн үеийн зовууриуд, ясны сийрэгжилтээс сэргийлж, хөгшрөлтийг удаашруулахын тулд чавга идэхийг зөвлөж байна.
Ясны сийрэгжилт нь дэлхий дахинд хамгийн түгээмэл ясны эмгэг юм. Энэ эмгэгийн үед яс эрдсээ алдсанаас жин нь буурч, сийрэгжиж, хэврэг болдог байна. Ясны сийрэгжилт нь аль ч нас, хүйсийн хүнд тохиолдож болох боловч ахимаг насны, эмэгтэйчүүд ихэвчлэн өртдөг. Учир нь эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед өндгөвчний үйл ажиллагаа зогсдог тул эстрогений түвшин буурдаг аж. Үүнээс болж яс сийрэгжих, хугарах магадлал нэмэгдэхээс гадна биеийг бүхэлд нь хамарсан үрэвслийн урвал өрнөдөг юм.
Пенсильванийн их сургуулийн судалгааны баг өдөрт 6-12 ширхэг чавга идвэл ахимаг насны эмэгтэйчүүдэд энэ эрсдэлийг бууруулж болохыг нотолжээ. Чавганд полифенол хэмээх антиоксидант шинж чанартай нэгдэл агуулагддаг. Энэ нь бодисын солилцооны үр дүнд үүсдэг чөлөөт радикал хэмээх тогтворгүй молекулууд эсийг гэмтээхээс урьдчилан сэргийлж, хэт исэлдэлтийн стресс үүсэхээс хамгаалдаг.
Судалгаанд оролцсон 55-75 насны эмэгтэйчүүдэд нэг жилийн турш өдөрт 6-12 ширхэг чавга идүүлжээ. Мөн тэдэнд тохирох тунгаар кальци болон Д амин дэм уулгасан аж. Нэг жилийн дараа дахин шинжилгээ хийж үзэхэд эдгээр эмэгтэйчүүдийн бие дэх үрэвсэл эрс буурч, ясны бат бэх шинж чанар нь зөвхөн кальц, Д амин дэм уусан эмэгтэйчүүдээс илүү сайн байгааг илрүүлсэн байна.
Өмнө нь хийгдсэн судалгаануудаар полифенолоор баялаг чавга нь антиоксидант болон үрэвслийн эсрэг шинж чанартай болох нь нотлогдоод байсан юм.
Иймээс судалгааны багын эрдэмтэд цэвэршилтийн насны эмэгтэйчүүд өдөрт 6-12 ширхэг чавга хэрэглэх замаар цэвэршилтийн үеийн зовууриуд, ясны сийрэгжилтээс илүү үр дүнтэйгээр сэргийлэхийг зөвлөжээ. Түүнчлэн чавганд агуулагдах антиоксидантууд нь хөгшрөлтийн үйл явцын сааруулахад үр дүнтэй байх болно гэж үзсэн байна