2021-08-27
“Токио 2020” зуны 16 дахь удаагийн паралимпын наадам Токио хотноо паралимпийн наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Манай улсын тамирчдын тэмцээн өнөөдрөөс /2021.08.27/ жүдо бөхөөр эхэллээ.
Өнөөдөр зодоглосон манай хоёр жүдоч хоёул дагах барилдаанд ялагдаж, долдугаар байр эзэллээ.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглосон А.Мөнхбат эхний даваанд Австралийн У.Фиппсийг цэвэр ялж, шөвгийн наймд үлдсэн. Гэвч дараа нь Украины жүдоч, энэ жиндээ дэлхийн чансааг тэргүүлж буй Д.Хоравад үүрэх мэхэнд нь цэвэр ялагдсанаар дагах бариалдаан хийсэн.
Дагах барилдаанд А.Мөнхбат тун харамсалтай дийлдсэн. Тэрбээр Японы Южиро Сетотой хийсэн барилдаанд хутгаж унаган вазари авч, тэргүүлж эхэлсэн. Гэвч цаг дуусахаас гуч гаруйхан секундын өмнө өрсөлдөгчийнхөө хутгаанд цэвэр буучихав. Ийнхүү япон бөх хүрлийн төлөө барилдахаар болж, манай хүний олимп өндөрлөлөө.
Түүнчлэн 60 кг-д барилдсан залуу тамирчин С.Ядамдорж Гүржийн З.Зурабианиг цэвэр ялж гараагаа сайхан эхэлсэн ч Казахстаны А.Сариевт вазаригаар дийлдсэн юм. Улмаар С.Ядамдорж дагах барилдаанд Риогийн олимпын аварга узбек бөх Шерзод Намозовт хоёр вазари алдан дийлдсэнээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Манай сүүлийн жүдоч Н.Алтанцэцэг наймдугаар сарын 29-нд эмэгтэйчүүдийн +70 кг-д зодоглоно. Тэрбээр эхний даваанд Ташкентийн гранпри тэмцээний мөнгөн медальт Казахстаны Зарина Баибатинатай хүч сорих юм.