2021-01-10


Т.Мөнхсайхан: Улаанбаатарт дөрвөн том голомтод халдвар тархсан, одоо намжиж байна



Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш нийтдээ 1.2 сая гаруй хүнийг PCR шинжилгээ хийж, 1300 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн. Халдвар бүртгэгдсэн зургаан аймагт бодлого мэргэжил, арга зүйгээр хангах 10 багийг ажиллуулсан. Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, 500 гаруй сая төгрөгийн нэг удаагийн хувцас хэрэгслээр хангаж ажилласан. Эдгээр ажлын үр дүн халдвар гарсан аймгууд бүгд халдваргүй бүс болоход ойрхон ирээд байна. Сэлэнгэ аймаг болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд халдвар бүртгэгдээгүй 18 хоног болсон байна. Цаашлаад халдвар бүртгэгдэхгүй 10 хоновол бүх аймаг халдваргүй эрүүл бүс болно.

Улаанбаатар хотод нөхцөл байдал арай өөр байгаа. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдварын голомт гарсан. Энэ голомт нэлээд өргөн хүрээг хамарсан учраас хатуу хөл хорио буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаад 14 хонож байна. Өдөрт илрэх тохиолдлын тоо их байгаад байхад хөл хорионы дэглэмийг сулрууллаа гэж иргэд хэлж байна. Тэгэхээр хөл хорионы дэглэмийг сулруулах, цаашид хэрхэн, яаж арга хэмжээ авах нь зөвхөн өдөрт илэрч байгаа тохиолдлын тооноос хамаарахгүй. Хоёрт, Улаанбаатарт илэрч байгаа тохиолдлууд нь үндсэндээ дөрвөн төрлийн голомтоос үүсч байна.

Нэгд, Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомт маш өргөн хүрээг хамарсан. Улаанбаатар нийтдээ 603 тохиолдол бүртгэгдсэнээс 54 хувь нь зөвхөн Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй холбоотой, тэндээс эх үүсвэртэй байсан. Өнгөрсөн өдрүүдэд тус эмнэлгийн голомттой холбоотой илрэх тохиолдлын тоо эрс цөөрч байна. Өчигдрийн байдлаар өдөрт нэг тохиолдол бүртгэгдээд байна.

Хоёрт, Ачтан эмнэлгийн голомт юм. Энэ голомт нь тус эмнэлгийн эмч, ажилчдын дунд явах нь тодорхой болоод байна. Учир нь өнгөрсөн хугацаанд үйлчлүүлсэн иргэд болон өвчтөнүүдийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй. Баянгол дүүргийн 5, 6-р хороонд байрладаг Ачтан эмнэлгийн ажилчдын байртай холбоотой голомт үүссэн. Ажлын байр болон ойрхон байрладаг байрнуудаас голомт илэрсэн. Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн 5, 6-р хорооны 20 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Одоогоор 14 мянган иргэнийг шинжилгээнд хамруулахад нийтдээ зургаан тохиолдлоос халдвар илэрсэн. Эдгээр нь батлагдсан тохиолдлын хоёрдогч хавьтлаар бүртгэгдэж, эхний шинжилгээгээ өгсөн байсан. Хоёр дахь шинжилгээнээс илрээд байна. Энэ голомтоос өдөрт илрэх тохиолдлын тоо 10-аас доошгүй байгаа.

Гуравт, "Тэнүүн-Огоо" автобус баазын жолоочтой холбоотой голомт юм. Энэ голомтоос илрэх халдварын тоо өдөрт таваас доошгүй байна. Энэ голомтыг ерөнхийд нь хяналтдаа авсан гэж бид бүхэн үзэж байгаа.

Дөрөвт, Мөнххада ХХК-тай холбоотой халдвар байна. Энэ голомтоос өдөрт 10-аас доошгүй хүнээс коронавирус илэрч байна.

Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын 70 мянган өрх бүрээс нэг иргэнээс шинжилгээнд хамруулсан. Баянзүрх дүүргийн 95 мянган иргэнийг шинжилгээнд хамруулсан. Тандалтаар эрсдэлтэй бүлгийнхнийг байнга шинжилгээнд хамруулж байна.

Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дөрвөн гол үзүүлэлтийг баримтлан шийдвэр гаргаж байна.

1. Өдөрт илрэх халдварын тоо. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос өдөрт 50 тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдөр шинээр илрэх халдварын тоо 20 руу буурсан байна.

2. Өдөрт бүртгэгдэж байгаа шинэ голомтын тоог харна. Шинэ голомт нэмэгдэж байгаа эсэх нь цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд туйлын чухал.

3. Халдварын төвшин. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомт гарсан үед халдварын төвшин 14 хувь хүрч байсан. Энэ нь нэг хүнээс цаашаа хавьталд орсон хүмүүст халдварлуулах магадлал хэдэн хувь байгааг харуулдаг үзүүлэлт. Өнөөдрийн байдлаар энэ төвшин 1.1 хувь болж буурсан.

4. Арван мянган хүн амд ногдох халдвартай хүний тоо. Энэ нь манай улсын хувьд харьцангуй бага төвшинд байгаа.

Дээр дурдсан дөрвөн үзүүлэлтээс шалтгаалж, цаашдаа хөл хориог ямар төвшинд явуулахыг шийдэж, арга хэмжээ авах ёстой. Дээрх үзүүлэлтүүд нааштай гарсан учраас хөл хориог сулруулах үндэслэлтэй гэж үзсэн гэлээ.


Бидэнтэй холбогдох