2020-12-21


Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих өдрөөс дарс, шар айраг худалдахыг хориглох шийдвэр гараагүй



Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 06:00 цаг хүртэл 14 хоног нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргаад байна.

Өөрөөр хэлбэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийслэлд халдвар нэмэгдсэн учир Лхагва гарагаас хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдөнө.

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 чиглэлийн байгууллагаас бусад салбар ажиллахгүй. Төрийн байгууллагуудын нийт ажиллагсдын 10-15 хувь нь ажлын байрандаа, бусад нь зайнаас ажиллах юм.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлгийн бичигтэй, цаг авсан иргэд хувийн автомашинаараа чөлөөтэй зорчино.

Хотын захиргаа зөвшөөрөгдсөн салбарт ажилладаг хүмүүсийн автомашин, тэр дундаа 800 таксинд QR код  олгоно. Өмнө нь код авсан бол идэвхжүүлэх юм байна.

Түүнчлэн Улаанбаатар хотоос орон нутаг руу хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан тээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд л PCR шинжилгээ өгч явна. 

Халдвартай аймаг, сумаас Улаанбаатар хотод ирэх бол PCR, энэ аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө. Халдваргүй аймаг, сумаас ирэх иргэд асуумж бөглөх аж.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих өдрөөс спиртийн сул агууламжтай бүтээгдэхүүн буюу дарс, шар айраг худалдахыг хориглох шийдвэр гараагүй болохыг албаны эх сурвалжууд хэллээ.

Өмнө нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед дарс, шар айраг худалдахыг хориглож байсан юм.


Бидэнтэй холбогдох