2020-11-16
2020.11.16-ны 17.00 цагийн нөхцөл байдлын мэдээллийг ЭМЯ-наас танилцууллаа. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “Коронавируст цар тахлын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотоос орж, гарах хөдөлгөөнийг хориглосон. Гэтэл хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн 28 иргэн өнгөрсөн хугацаанд бүртгэгджээ.
“Тухайлбал энэ сарын 15-16-нд шилжих шөнө Дундговь аймаг руу дөрвөн иргэн зорчих гэж байсан хэрэг бүртгэгдсэн. Мөн Н.Э гэгч хүнс тээвэрлэж байна гэж мэдүүлэн Ховдод бүртгэлтэй 10, Говь-Алтай аймагт бүртгэлтэй нэг иргэнийг тээвэрлэж яваад саатуулагдсан. Хэнтий аймагт мөн хоёр иргэн зөвшөөрөлгүй явсан. Увс аймаг руу хоёр гэх мэтчилэн 28 хэрэг бүртгэгдлээ.
Цахим орчинд мөрийтэй тоглох асуудал нэлээдгүй нэмэгдэж байна. Цахим орчимд мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 13 цахим хаягийг илрүүлж 30 иргэнийг тогтоосон байна. Эдгээрээс 8 иргэнд сануулга өгч, 6 иргэнд зөрчлийн тухай хуулийн 5.7-д заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгосон байна. Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан, түүнд оролцож тоглосон иргэн бүрийг олж тогтоож хариуцлага хүлээлгэх тул иргэд цахим мөрийтэй тоглоом тоглохгүй байхыг анхааруулж байна.
Цахим орчинд худал мэдээлэл тараасан 39 иргэнийг илрүүлж 5 иргэнийг тус бүр 500 мянган төгрөгөөр торгон, 34 хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна. Түүнчлэн цахим орчинд согтууруулах ундаа борлуулж байсан 88 зөрчил илэрсэн байна. Мөн тээврийн хэрэгслээр худалдан борлуулж байсан зөрчил илэрч улмаар долоон тээврийн хэрэгслийг түр саатуулаад байна” гэлээ.