2025-06-03
Засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Анар Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ч.Анар: Бид яг юун дээр шийдвэр гаргах гээд байна вэ. Логикийн хувьд ойлгомжгүй байна. Олон нийт орлогоо нотлохыг шаардсан. Гэтэл намын Бага хурлаар хэлэлцсэн асуудал бол хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах улс төрийн шийдвэр гаргасан. Харин Ерөнхий сайд бодлогын дэмжлэг хүсэх асуудлыг УИХ-д оруулж ирсэн.
Энэ гурав хоорондоо ямар ч холбоогүй байна л даа. Тэгэхээр өнөөдөр парламент АТГ-ын ажлыг хийж, хамтарсан Засгийн газрын асуудлыг шийдэх ёсгүй юм.
Бид бодлогын дэмжлэг дээр итгэл үзүүлэх юм байна. Гэхдээ өмнө нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Таны оруулж ирсэн тогтоол дээр улс төрийн үүднээс гэж байна. Тэгэхээр дөрвөн асуудал болчхоод байна.
Хэрэв зарим гишүүний ярьж байгаачлан засаглалын, тогтолцооны асуудал хөндөгдөж байгаа бол тэр мэдээллийг ил болгох ёстой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нэг дэх өдөр манай намын бүлгийн хурал болсон. Хурал дээр АН-тай холбоотой асуудал ийм байдалд хүрлээ, үүн дээр улс төрийн шийдвэр гаргах нь зүйтэй гэдэг дээр нэлээн олон гишүүн нэгдсэн. Мөн Ерөнхийлөгч бүлгийн хуралд орж тодорхой хэмжээний мэдэгдэл хийх нь зүйтэй гэдэг асуудал яригдсан. Тэрийг бол би зохимжгүй байх гэж бодоод би орсон. Тэгэхэд олон нийтийн сэтгэл зүй ийм байна ажлаа өгөх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Мэдээж олон талаас ярилцаад, ажлаа өгөхөд асуудалгүй гэдгээ хэлсэн.
Хамтарсан Засгийн газрын асуудал учир намын Бага хурлаар шийдэх нь зүйтэй гэдэг саналыг би гаргасан. Ингээд бүлгийн хурлын уур амьсгал намын Бага хурал дээр очсон. 10 гаруй цаг ярилцсан.
Үүний өмнө Х.Тэмүүжин гишүүн гарын үсэг цуглуулсан зэрэг үйл явдал болсон. Тэр үед Засгийн газрын гишүүд уулзаж ярилцаж байсан зүйлүүд байгаа. Би тэрэн дээр хамтарсан Засгийн газар Үндсэн хуулийн өөрчлөлт хийх, ард нийтийн санал асуулга явуулах тухай яриагүй. Гэрээнд тусгаагүй учир битгий санаа зов гэсэн.
АН-ынхан Л.Гантөмөр даргыг Ерөнхийлөгчийн сонгуулийг дахиад МАН-д өгөх нь гэж хардсан юм байна гэж ойлгосон. Ийм асуудлууд болсон.
Дээрээс нь тусгай хяналтын дэд хороон дээр хяналтын чиг үүргийн асуудлаар Х.Тэмүүжин, Б.Энхбаяр нарын гишүүд санал зөрсөн. Ингээд Засгийн газрын хуралдааны дундуур дэд хорооны санал хураалт болоход анх удаа хамтарсан Засгийн газрын гишүүд нам намаараа санал өгсөн. Энэ нь нөхцөл байдлыг дэвэргэсэн. Энэ мэт асуудлууд өнөөдөр ордонд яваад байгаа хэл амны нэг шалтгаан болсон гэж би хувьдаа үзэж байгаа.
Олонх нь олонхоороо, цөөнх нь цөөнхөөрөө байх ёстой гэдэг зүйл өнөөдрийн байнгын хороон дээр ч яригдсан.
Ерөнхийлөгч надад ах хүний хувиар зөвлөгөө өгсөн. Юу гэхээр, олон нийт уур бухимдалтай байна. Наадах чинь асуудал болох вий дээ гэсэн. Бид хоёр ч удаа уулзсан.