2023-01-07
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг уржигдар орой ЭЦА-ныхан их хэмжээний бэлэн мөнгөтэй байхад нь саатуулсан талаар бид өчигдөр .
Тэрбээр зөвхөн өөрийн тансаг зэрэглэлийн хаусандаа хоёр тэрбум гаруй төгрөг бэлнээр нь хадгалж байжээ. Түүний болон гэр бүлийнхнийх нь хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байрлах 5-6 объектод мөн нэгжлэг хийхэд 7.6 тэрбум төгрөг, 1.6 сая ам.доллар гээд нийт 10 гаруй тэрбум төгрөг хураан аваад зогсохгүй тансаг зэрэглэлийн орон сууцууд, өөр бусад үл хөдлөх хөрөнгүүд худалдан авах гэрээнүүд хийсэн байсныг эд мөрийн баримт болгон хураан авч мөрдөн шалгах ажиллагааг хууль сахиулагчид үргэлжлүүлж байна.
С.Батдөл 2021 онд дээрх албан тушаалд томилогдсон нэгэн бөгөөд богино хугацаанд асар их баяжсан гэдгийг УБТЗ-ынхан ярьж байна.
С.Батдөл уг албан тушаалд томилогдсоноосоо хойш өөрийн хамаарал бүхий ачаа тээврийн компаниудад давуу байдал олгож, нүүрс тээврийн дарааллыг зохицуулж өгөн хахууль авдаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож буй аж. Ингэж олсон шан харамжаасаа өөрийнхөө болон эхнэрийнхээ нэр дээр цөөнгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газар аваад зогсохгүй, валют, бэлэн мөнгө ихээр хуримтлуулсан байжээ.
С.Батдөлийн ард хэн байна вэ гэдэг асуулт гарах нь зүй ёсны. Харин энэ талаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү "Б.Жавхлан сайдын хайртай дүү" хэмээн жиргэжээ.
С.Батдөлтэй холбоотой бас нэгэн сонирхолтой мэдээлэл байгаа нь тэрээр 2022 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр "Монте андууд" хэмээх компанийг байгуулжээ. Шинэхэн байгуулсан компаниараа ямар үйл ажиллагаа явуулсныг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа нь гарцаагүй юм.