2022-11-14


Засгийн газрын дундаж нас болох 1,7 жилтэйгээ золгосон ч "дампууралд хормойдуулчихлаа".



УИХ-ын гишүүн Т.Доржханд, А.Баттөмөр нарын эдийн засагч гишүүдийн амнаас ийм утгатай өгүүлбэр 2023 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр нэг бус удаа унасан.

Гэсэн ч Засгийн газар 2023 оны төсвийн төслөө хуулийн хугацаанд нь амжиж УИХ-аар батлууллаа. Мэдээж АН-ын бүлгийн гишүүдийн дэмжлэггүйгээр... Үндсэндээ УИХ-ын 76 гишүүнээс гуравны нэг нь дэмжээгүй ч төсөв батлагдав.

УИХ дахь АН-ын бүлэг “1.4 их наяд төгрөгөөр хэмжигдэх алдагдалтай төсөв баталж, улс орныг дефольт руу, иргэдээ ядуурал руу чиглүүллээ” хэмээн арга ядахдаа хоосон шахуу хөргөгч тавьж хэвлэлийн хурлаа “чимэв”.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2023 оны төсөв бол эдийн засгийг тогтворжуулахад чиглэнэ. Эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэж, инфляцыг нэг оронтой тоо руу буулгана” хэмээн “төсөөлж” байгаа.

Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл хоёр хөршийн улстөрийн бодлогыг дагасан эдийн засгийн хүндрэлтэй залгаж, Монгол Улсын валютын гол урсгал урд хөршийн хаалга бүрэн нээгдэх эсэх нь тодорхойгүй байхад Ерөнхий сайдын төсөөлж байгаа шиг нэмэхтэй эдийн засагтай сонгуульд орно гэдэгт итгэх хүн үнэндээ Засгийн газрын хэдээс өөр алга л байна.

Засгийн газрын танилцуулснаар Төрийн хэмнэлтийн хууль бүтэн жилийн хугацаанд хэрэгжиж, 1 их наяд төгрөг хэмнэх боломж бүрдсэн. Төсвийн алдагдлыг огцом бууруулсан, нийтийн тээврийн шинэчлэлийг шийдвэрлэж, түгжрэл бууруулсан, өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтаа дуусгаж, шинийг эхлүүлэхгүй, төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчилсэн зэрэг онцлогтой төсөв.

Тэгэхээр Ерөнхий сайдын амласан эдийн засгийн 5 хувийн өсөлтөд хүрч, инфляцыг нэг оронтой тоо руу оруулахад Монгол Улсад юу хэрэгтэй вэ. Ам.доллар буюу мөнгө хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар Монгол Улс хамаг доллараа хамж бөөгнүүлээд л 2,8 тэрбум ам.долларын нөөцтэй байна гэж буй. Долларыг бид уул уурхайгаас л олдог. Эсвэл өр тавьж, өндөр хүүтэй зээлдэг.

2023 онд Монгол Улс хэдий хэмжээний орлого хэрхэн олохоор төсөөлснийг Төсвийн төслөөс харья.

2023 оны төсвийн төсөлд тусгаснаар нүүрсний экспортыг 36.5 сая тонн, зэсийн баяжмалыг 1.4 сая тонноор тооцоолсон. Уул уурхайн орлого 4.9 их наяд төгрөг хэмээн төсөөлж байгаа.

Зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 8.3 мянган ам.доллараар, нүүрсийг 110.8 ам.доллараар гэж тооцсон. Гэхдээ боомтуудынхаа дэд бүтцийг сайжруулж, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтыг хийж чадвал шүү.

Төсвийн бас нэг өөдрөг төсөөлөл маань 17 их наядад хүрэх татварын орлого. 2022 онд батлагдсан дүнгээс 25.2 хувиар нэмэгдэнэ гэж тооцсон байгаа юм.

Татвар, хууль хяналтаар далайлгаж, аж ахуйн нэгжүүдээ зутраахгүй гэж байгаа ч энэ жилээс 25.2 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ. Төсвийн орлогын өөдрөг төсөөлөл нь үндсэндээ ард түмний татвараар бүрдэх нь.

Уг нь, дотоодынхоо үйлдвэрүүдийг дэмжих татварын бодлого баримтлана гэж амлаад байгаа ч ам ажлын хооронд алд дэлэм зөрүүтэй гэгчээр 25 хувиар нэмэгдэх татварыг хэн төлөх нь тодорхой.

Доллар олон өөр нэг арга нь олон улсын зах зээл дээрээс хямд хүүтэй бонд босгох. Харамсалтай нь манайд ийм боломж үгүй. Засгийн газрын өр нь 2022 оны жилийн эцэст 35.6 их наяд төгрөг буюу ДНБ-ний 56,6 хувьд хүрнэ. Хэрвээ Ц.Даваасүрэн гишүүний хэлээд байгаа шиг Засгийн газар өрийн баталгаа гаргасан тохиолдолд 2023 онд өр ДНБ-ний 60.1 хувьд тэнцэх нь. Бараг л Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн хязгаартаа тулна.

Засгийн газрын олон улсын зах зээлд арилжсан үнэт цаасны үлдэгдэл нь 8.9 их наяд төгрөг. 2023 онд Гэрэгэ бондын 533,1 сая ам.долларыг болон нийт бондын хүүгийн зардал болох 174,8 сая ам.долларыг төлөх ёстой.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өр 20 гишүүнийх нь толгойтой үснээс ч “давсан” гэхэд хилсдэхгүй.

2023 оны төсөвт анхаарал татаж байгаа өөр нэг асуудал нь шинээр хөрөнгө оруулалт төлөвлөөгүй гэдэг "лоозон".

Хэдийгээр шинээр хөрөнгө оруулалт төлөвлөөгүй гэсэн ч өнгөрсөн жилүүдэд дуусгаагүй 2.7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 1000 гаруй төсөл арга хэмжээг 2023 оны төсвөөр хэрэгжүүлнэ.

Үүний 51,9 хувь нь орон нутагт. Орон нутагт хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнүүдийн үр дүнд хийсэн аудитын дүгнэлтүүдийг харвал ёстой ам ангайж, хэл гацна.

Аудитын төсвийн төсөлд өгсөн дүгнэлтэд “улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж эхлээд дуусаагүй орхигдсон, үнийн өсөлт тооцуулж 2023 оны төсвийн төсөлд тусгаагүй, 2022 онд хэрэгжиж дуусах хугацаатай ч ажлын гүйцэтгэл нь бүрэн хангагдаагүй арга хэмжээ дараа жилүүдэд үргэлжлэхээр байна.” гэж дурдсан байгаа юм.

Удаа дараа үр дүнг тооцох талаар анхааруулга зөвлөмж аудитаас өгдөг ч үнэндээ тэдний үгийг сонсдог, зөвлөмжийг хэрэгжүүлдэг байгууллага бараг л үгүй.

Сонирхолтой нь, нэг хүнд ногдох төсвийн хөрөнгө оруулалтаар манай Ерөнхий сайдын нутаг тэргүүлсэн хэвээр байгаа гэдгийг энд онцольё.

Ингээд баримт дурдвал олон. Уншигч та ирэх жил Монгол Улсын эдийн засаг 5 хувийн өсөлттэй гарна гэж итгэж байна уу.

“Амны бэлгээс ашдын бэлгэ” гэж УИХ-ын гишүүдийн яриад байгаа “МОНГОЛ УЛС ДАМПУУРЛАА” гэх бэлгэгүй үгийг хүлээж авмааргүй байвч Төсвийн төслийг харвал эерэг тоо үнэхээр цөөн.

Тэгэхээр ирэх жил нүүр тулах эдийн засгийн сорилтыг сөрж чадах төсөв энэ удаад баталж чадаагүй нь тодорхой. Үнэндээ Ерөнхий сайдад яриад байдаг хөгжлийн бодлогууд руугаа чиглэсэн төсөв батлах чадамж ч байсангүй.

Хөгжлийн банкны хулгай, залгуулаад нүүрсний хулгай хэмээн нам дотроо “нанчилдаж”, УИХ-д Засгийн газар өөрийн талд гар өргөх олон гишүүнтэй байхын тулд Үндсэн хуулиар оролдож, бүрэлдэхүүнээ өнгөрсөн хугацаанд сэлгэж ч үзлээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын дундаж нас болох 1,7 жилтэйгээ золгосон ч "дампууралд хормойдуулчихлаа".


Бидэнтэй холбогдох