2022-07-20


Европын Комисс улс орнуудад хийн хэрэглээгээ гуравдугаар сар хүртэл 15 хувиар бууруулахыг уриалав.



Орос улс хийн нийлүүлэлтээ зогсоож магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэн Европын Комисс улс орнуудад хийн хэрэглээгээ гуравдугаар сар хүртэл 15 хувиар бууруулахыг уриалав. Энэ зорилт нь сайн дурынх боловч онцгой нөхцөлд буюу Москва хийн хоолойгоо хаасан тохиолдолд Европын гишүүн орнууд зорилтыг заавал мөрдөх ёстой байна. Оросоос Герман руу чиглэсэн “Хойд урсгал 1” хоолойд засвар үйлчилгээ хийх зорилгоор 10 өдрийн хугацаатай хаасан байгаа бөгөөд пүрэв гарагт төлөвлөгөөт ажил дуусах юм. Гэвч Москва амлалтаа биелүүлэхгүй байх вий гэсэн болгоомжлол үүсээд байна. Өнгөрсөн жил Орос улс байгалийн хийнийхээ 40 хувийг Европт нийлүүлсэн бол 2020 онд Герман улс тус тивийн хамгийн том импортлогч болж, Итали удаалж байжээ. Гэвч хоёрдугаар сард Орос Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш барууны орнууд болон түүний холбоотнууд тус улсын эсрэг олон тооны хориг арга хэмжээ авсны дараа Оросын талаас хийн төлбөрөө рублиэр хийх шаардлагыг худалдан авагчдадаа тавьсан. Энэ шаардлагыг биелүүлээгүй хэд хэдэн орнуудад хий нийлүүлэхээ зогсоогоод байна. Мөн хийн турбины засварын ажил удааширсантай холбоотойгоор Оросын төрийн мэдлийн “Газпром” компани зургадугаар сараас эхлэн “Хойд урсгал 1”-ээр нийлүүлдэг хийн урсгалаа 40 хувь хүртэл бууруулаад байгаа. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Европ даяар хийн нийлүүлэлтийг таслах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд “Орос биднийг шантаажилж байна. Орос улс эрчим хүчийг зэвсэг болгон ашиглаж байна. Тиймээс ямар ч тохиолдолд Орос хийгээ хэсэгчлэн, ихээхэн хэмжээгээр эсвэл бүхэлд нь таслах эсэхээс үл хамааран Европ бэлэн байх ёстой” гэж мэдэгджээ. ЕХ-ны гишүүн орнууд долдугаар сарын 26-нд болох Эрчим хүчний сайд нарын хурлаар Зөвлөлийн нормын төлөвлөгөөний талаар санал хураана.


Бидэнтэй холбогдох