2022-06-09


Н.Түвшинбаярын хувьд хүнийг онц, хэрцгийгээр алсан нь дээрх шинж тэмдэг нотолгоогоор харагдахгүй байгаа.



Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Хохирогчийн өмгөөлөгч:

Хэрэг гардаг орой Н.Түвшинбаяр талийгаачийн дээр суугаад 15-20 минутын туршид зодсон. Хаалга онгойлгосны дараа орж ирсэн хүмүүсийг “Ойртвол ална шүү” гэж сүрдүүлээд, зодсоор байсан. Олон тооны шарх, гэмтэл бэртлүүдийг үндэслэн хэргийг хүндрүүлэх нь зөв гэж үзэж байна. Хохирогчийн биед нийт 21 шарх сорви үүссэн байсан. Түүнчлэн хохирогчийн тархины 90 хувь нь үхэжсэн. Уг байдлыг эмнэлгийн байгууллага тодорхойлохдоо “Хүн ургамал” гэж нэрлэдэг юм байна. Ийм хэмжээнд тултал хүнийг зодож, хохироосон байна. Үл ялих шалтгаанаар Э.Энхбатыг зэрлэгээр зодож, амь насыг нь хохироосон байна.

Н.Түвшинбаярын өмгөөлөгч:

Үйлдлийнхээ харгис, хэрцгий шинж чанарыг ухамсарлаж, энэ хүнийг тарчлаасай гэж үйлдсэнийг онц хэрцгий гэж дүгнэдэг. Өлсгөж алах, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд үйлдсэн зэрэг гэмт хэргүүд байдаг. Н.Түвшинбаярын хувьд хүнийг онц, хэрцгийгээр алсан нь дээрх шинж тэмдэг нотолгоогоор харагдахгүй байгаа. Камерын бичлэгээр найман минут үргэлжилсэн бол зодоон үүнээс богино үргэлжилсэн. Зодоон урт удаан хугацаанд үргэлжлээгүй. Харилцан зодолдсон, шүүгдэгчид ч гэмтэл учирсан. Мэдээж үүнийг хохирогчийн гэмтэлтэй харьцуулашгүй.

Н.Түвшинбаярын үйлдэл онц хэрцгийн шинж чанар байхгүй,бусдыг санаатай алах шинж байхгүй учраас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.2.5 буюу хүнд гэмтлийн учраас хохирогч нас барсан гэх зүйлчлэлээр ялыг хөнгөрүүлэх санал гаргаж байна.

Улсын яллагч:

Хүнийг санаатай алах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн агуулж байгаа. Хүнд бэртэл авснаас хойш олон сарын турш клиник үхэлд байсан нь онц, хэрцгий гэх шинж тэмдгийг агуулж байна. Гэмт хэрэг гарсан газар байсан их хэмжээний цуснаас шинжилгээ авахад дан Э.Энхбат агсны цус байсан.


Бидэнтэй холбогдох