2022-06-08
Засгийн газрын хуралдаанаар хүнс, тэр дундаа мах махан бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой дараах шийдвэрийг гаргажээ.
-Дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, экспортлохыг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал түр зогсоолоо.
-Дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүдийг үе шаттай нийслэл хотоос гаргахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт даалгалаа
-Нийслэл рүү орж ирж байгаа махны чанар, аюулгүй байдалд онцгойлон анхаарахыг, Эмээлтэд үүссэн нөхцөл байдалд буруутай албан тушаалтанд хариуцлага тооцож, хуулийн байгууллагаар шалгуулахыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад хатуу үүрэгдлээ.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Хүнсний аюулгүй байдлын асуудлыг нэг мөр цэгцлэх, хатуу хяналт, нарийн зохицуулалттай болгоно. Мал төхөөрөхөөс эхлээд хэрэглэгчдийн гарт хүрэх хүртэлх үе шатыг ил тод, нээлттэй, эрүүл ахуйн шаардлага хангасан зохицуулалтад оруулна. Дулааны аргаар мах боловсруулдаг 31 компанийн 16-гийнх нь үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцалж, цаашид хянан шалгахаар боллоо. Сургууль, цэцэрлэгийн хүнсний нийлүүлэлтийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан хэрэглээнд шилжүүлнэ. Өдийг хүртэл хүнсний стандарт сайн дурын маягаар хэрэгжиж ирсэн. Тиймээс хуульчилж өгнө.
Дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүдийг хотоос нүүлгэн шилжүүлж үйлдвэрлэлийн парк маягийн зохион байгуулалтад оруулна. Энэ хүрээнд ХХААХҮЯ, НЗДТГ хамтран ажиллана.
Ажлын хариуцлага алдсан Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр өөрчилж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, ХХААХҮЯ-ны тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцно.
МХЕГ-ын харьяа лаборатори, МЭЕГ-ын харьяа лаборатори зэрэг олон лаборатори байдаг ч уялдаа холбоо сул байна. Тиймээс үндэсний хэмжээний лабораторийн тогтолцоог бий болгоно. Ингэснээр лаборатори бие даасан хараат бус байх юм” гэлээ.