2021-01-07
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай багц хуулийн төсөлд Ажлын хэсэг байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж байна. Энэ үеэр гишүүдийн дунд хамгийн их маргаан дагуулсан заалт болох 25 жил ажилласан шүүгч тэтгэвэрт гарах эрхтэй. Жил бүр үндсэн цалинг 2 хувиар нэмнэ. Шүүгчид тэтгэвэрт гарахад үндсэн цалингийн 80 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр тогтоолгоно гэсэн заалтуудад гишүүд шүүмжлэлтэй хандав. Мөн 60 нас хүрсэн шүүгч өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэж оруулсныг УИХ-ын гишүүн С.Чинзориг эсэргүүцэж, “Шүүгч бол төрийн алба хаагч. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн дээд насны хязгаар 65 байна гэсэн. Одоо оруулж байгаа хуульд 60 гэж байна. Энэ нь төрийн албан хаагчдын нөхцөлийг дордуулсан зүйл заалт болох гээд байна. Шүүгчдэд дөрвөн төрлийн нэмэгдэл олгодог байсан. Энэ нэмэгдэл байхгүй болоод хоёр хуваарь цалинг нэмэгдүүлсэн гэсэн заалт орж ирж байна. Энэ бол цалинг дордуулсан заалт байна” гэлээ.
Үүнд Ажлын хэсгийн ахлагч ахлагч Б.Энхбаяр хариулахдаа “Шүүгчдийн цалин бусад төрийн албан хаагчаас өөр. Нэгдүгээрт, зэрэг дэвийн нэмэгдэл байхгүй. Энэ нь 20-25 орчим хувийн нэмэгдэл. Гэтэл шүүгч нарт байдаггүй. Хоёрдугаарт, цэргийн албан хаагч шиг цолны нэмэгдэл гэж байхгүй. Шүүгчид нэмэгдэл цалин байхгүй. Зөвхөн үндсэн цалинтай. Үндсэн цалингийн хэмжээг УИХ-аас тогтоодог. Сүүлд 2015 онд УИХ бүх шатны шүүгчдийн цалинг тогтоосон.
● Анхан шатны шүүхийн шүүгч- 2.7 сая төгрөгийн цалинтай
● Анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч 2.8 сая
● Давж заалдах шатны шүүхийн шүүгч -2.9 сая
● Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч -3 сая
● Хяналтын шатны шүүхийн шүүгч -3.2 сая
● Хяналтын шатны шүүхийн ерөнхий шүүгч 3.3 сая төгрөгийн цалин тус тус авдаг. Түүнээс биш нийгэмд ярьдаг шиг 8 сая төгрөгийн цалин авдаг шүүгч нэг ч байхгүй. Дээрх цалингаас өөр нэмэгдэл тэд авдаггүй” гэлээ.