2021-01-04
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Улаанбаатар хотод тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах тухай УОК-ын саналыг хэлэлцлээ. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцууллаа. Тэрээр "Эрдэмтэдийн зөвлөл, мэргэжлийн 11 байгууллагын 14 хоногийн хөл хорионы үеийн эрсдлийн үнэлгээ гарсан. Энэ асуудлаар өнөөдөр УОК, Засгийн газар хуралдаж шийдвэрээ гаргалаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 6-наас дөрөв хоног сунгаж байна. Нэгдүгээр сарын 11 буюу ирэх даваа гаригийн 06.00 цагаас зэрэглэлээ бууруулж худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудаа нээнэ. Тодорхой хэлбэл, арванхоёрдугаар сарын 14-23-н хүртэл явж ирсэн зэрэглэл буюу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлнэ. Хоол, үйлчилгээний газар, хүргэлтийн бүх үйлчилгээ, ахуйн барааны жижиг дэлгүүр ажиллана. Өндөртэй учир баар, саун, зах гээд нэр бүхий 18 салбар ажилахгүй.
Хөл хорио сунгаж байгаа хугацааг өнөөдрөөс тооцвол нэгдүгээр сарын 11 хүртэл долоо хоногийн дотор халдварын шинэ голомтуудын хүрээг хумих ажил хийнэ. Хөл хориог сулруулсны дараа нөхцөл байдал хүндэрч, шинэ голомт үүсвэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионд буцаж шилжинэ. Энэ бол эргэж буцсан шийдвэр биш ард иргэд, ААН-үүдээ бодсон уян хатан шийдэл гэж ойлгож болно. Эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч бодсон ийм шийдвэр гаргалаа.
Бид халдварын эсрэг хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу зургаан аймгийн есөн суманд халдварыг бүрэн хумьж, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ногоон бүс болгоод байна. Орон нутагт хэвийн амьдрал руу шат дараатай шилжээд байна. Одоо бид Улаанбаатар хотод шинээр үүсээд байгаа голомтуудаа хумих ажлаа үргэлжлүүлнэ.
Вакциныг сонголттойгоор оруулж ирэхээр тал бүртээ ажиллаж байна. Эхний улиралд вакцинжуулж эхлэхээр бүртгэлийн ажлаа хийж байгаа. Энэ хүртэл бид халдварыг хамтын үүрэг, хариуцлагаар эрсдэл багатай давж гарна.
Засгийн газар бас нэг шийдвэр гаргасан нь Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр. Олон хүн цуглахгүй байх хязгаарлалт хийх үүднээс ийм шийдвэр гаргалаа"