2020-11-03
Хууль зүйн байнгын хорооны гишүүд Улсын дээд шүүххийн шүүгчид нэр дэвшиж буй С.Батхүлэгийн томилгооны танилцуулгыг удаа дараа буцаалаа. Үнэхээр хууль бус томилгооны хүн оруулж ирсэн юм уу?
-Өнөөдөр УИХ-ын гишүүд чинь харин Үндсэн хуулиа зөрчөөд байгаа юм биш үү. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын шүүгчдийг бүх насаар нь томилдог хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхтэй. Хэрвээ парламент энэ эрхийг авах гэж байгаа бол Шүүхийн тухай хуульдаа өөрчлөл оруул л даа. Гэтэл УИХ шүүгчийг томилох, томилуулахгүй байх асуудлыг ярьж байна. УИХ шүүгчийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдэхгүй. Зөвхөн танилцуулга л явах процедуртай. Өмнө нь ийм л жишгээр явж байсан. Танилцаад л болоо ш дээ
-Хоёр удаа танилцуулгыг нь буцаалаа. Гурав дахь удаагаа буцаавал энэ томилгоо гацаанд орно гэж яриад байна. Тэгэхээр энэ хүний нэрийг солих уу, яах уу?
-Нэгэнт оруулж ирсэн нэрийг би өөрчлөх боломжгүй. Учир нь, Шүүхийн мэргэжлийн холбоо өнгөрсөн тавдугаар сард шалгалтаа авч, нэр дэвшигчдээ бичээд өгсөн. Шүүхийн ерөнхий зөвлөл хамтын удирдлагын зарчимтай учраас хуралдаанаа зохион байгуулж, олонхийн санал авсан хоёр нэр дэвшигчээ тодруулж, тавдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргад бичгээ явуулсан. Энэ нь өнгөрсөн долоо хоногт оруулсан асуудал биш. Үүнийг гацааж байгаа нь УИХ өөрөө шүү. Хуулиар зургаан нэр дэвшигч шалгарснаас гурав нь шүүгч, гурав нь өмгөөлөгч. Үүнээс нэг шүүгч, нэг өмгөөлөгчийг оруулж ирсэн. Түүнээс дуртайгаа сугалаад авсан зүйл байхгүй. Шүүгч болох хүн мэдлэг боловсролтойгоос гадна ёс зүйтэй хүн байх ёстой. Энэ бүгдийг нь мэргэжлийн хороо судалж, намтар судлалыг нарийн судалсан байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөл тухайн хүнийг шүүгчээр томилоход ёс зүйн хувьд таарах эсэхийг нь хардаг.
-Гишүүд эрх ашгийн зөрчилтэй, ёс зүйгүй байна гээд шүүмжлээд байна ш дээ. Ёс зүйг яг шалгаж харсан юм уу?
-Ёс зүйг ганц хараад мэдэхгүй ш дээ. Олон жилийн үйл ажиллагаа явуулахдаа ямар зарчим барьж ажилласан гэдгийг харсан. Ямар нэгэн байгууллагад ажилласнаараа тухайн хүнийг гүтгэж, ялгаварлаж болохгүй ш дээ. ШЕЗ хэзээ ч хууль бус зүйл оруулж ирэхгүй. Бүр мэргэжлийн хороо, холбоодынх нь тодорхойлолтыг харуулсан ш дээ.