2025-07-09


Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, эрхэмсэг ноёд, хатагтай та бүхэнд Эдийн засгийн форумын нээлтийн өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.



Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн ордонд болж буй Монголын Эдийн засгийн форумд оролцож үг хэллээ.

Г.ЗАНДАНШАТАР:

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, эрхэмсэг ноёд, хатагтай та бүхэнд Эдийн засгийн форумын нээлтийн өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Нарлаг Монгол Улсад минь тавтай морилно уу.

Энэ өдрүүдэд Японы Цог жавхлант эзэн хааны айлчилж буй түүхэн үйл явдал тохиож байна.

Өнөөдрийн форумын нээлтийн үгээ нэгэн түүхээр эхлэх гэсэн юм. Эрдэмт мэргэн сартваахи, цэцэн билэгт гүүш Сэндэнжавын Дулам гуай “Монголын хүчирхэг оюун санаа дахин сэрсэн байхыг мэдэрлээ. Түүнийг дийлэх хүч дэлхийд хараахан үгүй билээ” хэмээн бичсэнийг уншаад сэтгэл ихэд хөдөллөө. Энэ хоёр өгүүлбэрт өчигдрөөс өвлөгдсөн өнөөдөр, өнөөдрөөс залгах маргаашаа бүтээх эрч хүч, итгэл бишрэл, ирээдүй шингэснийг би ч бас мэдэрлээ. Аливаа улс орны ирээдүйг шинээр урган гарч байгаа ирээдүй хойч үе нь тодорхойлдог. Цаг хугацааны тодорхой үеийн дараа энэ хүч өөрөө сэргэж, буцаж ирдэг юм хэмээсэн юм. Үүгээрээ бид агуу Монголоо ахин “агуутгая” гэж хэлж байна. Монголын хүчирхэг оюун санаа сэргэж байх болон сэрсэн байх үед толгой дээрээ алттай сагс тавьсан эмэгтэй хүн тэр эзэнт гүрэн даяар ямар ч айх аюулгүй, чөлөөтэй зорчиж болдог гэж Жувейни номдоо бичсэн байдаг.

МонголZ багийн цахим спорт, 3х3 сагсан бөмбөг, математик, байгалийн ухаан, шатар, оюун ухааны олимпиад, тэмцээнүүдэд манай залуу үеийнхэн дэлхийд цахиур хагалж үндэсний бахархлыг сэрээж байна. Үндэсний сэргэн мандлын шинэ давалгаа эрчтэй хүчтэй эхэллээ гэдэгт би ч бас итгэж байна.

Энэ бол Монголын ардчиллын ололт юм. Нээлттэй, хүчирхэг, чөлөөт сэтгэлгээтэй монгол хүн бол монголын үндэсний баялаг билээ. Монгол хүний хөгжил манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно. Үүнийг бид “Нэг монгол” гэж нэрлэж байна. Хүний хөгжлийн энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд боловсрол, эрүүл мэндийг чиглэсэн цогц шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Хоёрдугаарт, манай Засгийн газар төрийн үйл ажиллагааны шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд төсвийн тодотголыг УИХ-д өргөн бариад батлагдах шатандаа явж байна. Засгийн газар илүү цомхон чадварлаг, хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг тэргүүнд тавьсан үүрэг даалгавруудыг холбогдох сайд нарт өгч ажиллаж байна. Нэгдүгээрт, Монгол Улс ирж яваа цагийн, эрч хүчтэй, ирээдүйн эзэн болсон хүчирхэг залуусын орон, хоёрдугаарт, өвөг дээдсээс өвлөсөн өргөн уудам газар нутаг, эрдэнэс баялагтай, эвийг эрхэмлэсэн улс, гуравдугаарт, эрх чөлөөт иргэдтэй, ил тод, нээлттэй нийгэм, тогтвортой, хариуцлагатай, ардчилсан засаглалтай төрт ёсны түүхтэй орон юм. Энэ гурван өгөгдөл бол Монголоо ахин “Агуутгах” их үйл хэргийн тулгын гурван чулуу юм. Агуу Монголоо ахин агуутгах үйл хэргийг дөрвөн үндсэн зарчмыг ягштал баримталж бүтээнэ. Эдийн засгийн тогтвортой өсөлт, үндэсний хөгжлийг хангахад хүний хөгжил хамгийн чухал ач холбогдолтой гэсэн итгэл үнэмшилд тулгуурлан хүний хөгжлийн мега төслийг хэрэгжүүлж эхэлж байна. Төслийн зорилго нь боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын тогтолцоог орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэ шатанд гаргахад оршино.

Манай улс газрын ховор элемент, зэс алтны төдийгүй газар дээр асар их баялагтай түүхтэй орон. Энэхүү баялагаа бид нээлттэй, үр ашигтай, харилцан итгэлцэлтэй хөрөнгө оруулалтыг дэмжих замаар байгалийн баялаг зөв ашиглах бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн хөдөө аж ахуйн салбарыг төрөлжүүлэн хөгжүүлж, аялал жуулчлалыг дэмжсэн солонгоруулсан эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийх болно.

“Урьчихаад урдаг биш залчихаад заамддаг биш” гадаад, дотоодын бүх хөрөнгө оруулагчид ээлтэй зарчмыг баримтална. Энэ бүх эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн нэг чухал асуудлыг онцолж хэлмээр байна. Энэ бол Энержетик Монголиа буюу “Эрчист монгол” хөтөлбөр юм. Монгол Улс эрчим хүчний маш баян нөөцтэй орон. Зөвхөн нар, салхины эрчим хүчийг ашиглан 2600 гегабайтын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай гэж эрдэмтэд тооцоолдог. Эрчим хүчний салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ажлаа эхлээд явж байна. Тухайлбал, нарны зайн хураагуур болон нарны зайн эрчим хүч экспортлох хэмжээний төсөл хэрэгжиж байна. Энэхүү төсөл ирэх наймдугаар сард нээлтээ хийнэ. Дараа нь хоёр ч цахилгаан станц ашиглалтад оруулахад бэлэн болж байна. Түүнээс гадна Эгийн голын усан цахилгаан станцны төсөл хэрэгжиж эхэлнэ. Ийм учраас Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлж байна. Мөн эдийн засгийн бүтэц дотор дижитал пост буюу цахим өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Ингэснээр ард иргэддээ түргэн шуурхай, нээлттэй, ил тод үйлчилгээ үзүүлдэг шилжилтийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.


Бидэнтэй холбогдох