2024-12-02


УИХ-ын гишүүн асан "Ажнай" Д.Бат-Эрдэнэ 11.6 тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж дуусаад байгаа юм.



Олон нийтийн анхаарлыг нэг хэсэг татаад байсан "Нүүрсний" гэх хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүд холбогдож, хуулийн байгууллагад шалгагдан бүрэн эрхээсээ түдгэлзсэн байдаг. Тодруулбал, 40 их наядын хулгай гэх тодотголтой энэ хэрэгт анх 17 улстөрчийг зарлаж, эцэст нь 2 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн түүхтэй. Тэр нь Т.Аюурсайхан, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан шүүхээс хорих ял авсан бол Д.Бат-Эрдэнэд холбогдох хэргийн шийдвэрлэлт удаашраад байсан юм.

Тэгвэл эх сурвалжаас авсан мэдээллээр "Ажнай" Д.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусч, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа аж. Прокурор хянаж дуусаад шүүхэд шилжүүлсэнээр түүний шүүх хурал товлогдох юм.

Мөн УИХ-ын гишүүн асан "Ажнай" Д.Бат-Эрдэнэ 11.6 тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж дуусаад байгаа юм.

Эргэн сануулахад, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн 2006-2022 оны хооронд орон нутгийн гэгдэх “Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-өөс ногдол ашиг хуваарилах шийдвэрүүдийг гаргуулан гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогчоор дамжуулан олговол зохих хэмжээний ногдол ашгийн дүнгээс өөртөө 28.7 тэрбум төгрөг, “Ажнай” корпорацидаа мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр илүү олгуулсан гэх асуудлаар хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.

Мөн түүнийг Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн наймдугаар сарын 26-наас хойш эрэн сурвалжилж байгаа аж. Улмаар цагдаагийн байгууллагад хандснаар цагдаагийн байгууллага өнгөрсөн есдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн эрэн сурвалжлалтын санд бүртгэн хайж эхлээд байгаа билээ.


Бидэнтэй холбогдох