2023-10-18
Дотоодын өндөгний хэрэгцээний 40 хувийг дангаар хангадаг “Түмэн шувуут” ХК-ийн үйл ажиллагаатай эрүүл мэндийн сэтгүүлчид танилцлаа.
Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хэрхэн хангагдаж буй талаар олон нийтэд мэдээлэл хүргэхээр бид хүнсний үйлдвэрүүдтэй танилцдаг бөгөөд гурав дахь ТУР аяллаа ийнхүү хийв.
Өдөрт 235000 ширхэг өндөг зах зээлд нийлүүлдэг “Түмэн шувуут”-ынхан хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн зохих стандарт, шаардлагуудыг чанд баримталж, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд нийлүүлдэг гэлээ. Түүнийгээ ч үйлдвэр, шувуун аж ахуйгаа танилцуулахдаа бидэнд батлан харуулж байсан юм.
Өндөг мууддаггүй бүтээгдэхүүн бөгөөд хадгалах хугацаа 7 хоногоос хэтэрсэн тохиолдолд уураг, эрдэс, аминдэм нь бага багаар ууршиж, ширгэдэг болохыг “Түмэн шувуут” ХК-ийн үйлдвэрийн дарга Ч.Номин-Эрдэнэ хэлсэн юм.
Тэрбээр “Өндгийг заавал хөргөгчинд хадгалах шаардлагагүй. Тасалгаанд ил хадгалсан бол хэрэглэж дуусталаа тэндээ байлгахад ямар ч асуудалгүй.
Анхнаасаа хөргөгчинд хадгалсан бол мөн л тэндээ байлгахад болно. Хүмүүс ихэвчлэн өндгийг хөргөгчийнхөө хаалганы тавиурт хадгалдаг. Үнэн хэрэгтээ энэ нь тийм ч оновчтой сонголт биш. Учир нь хөргүүрийн хаалга онгойж, хаагдах бүрт халуун, хүйтэн хоршиж, эрдэс, аминдэм нь алдагдах эрсдэлтэй. Ер нь өндгийг хамгийн уртдаа сар хадгалаад хэрэглэж болно. Гэхдээ хугацаа нь уртсах тусам өндөг зөвхөн өл дарах л үйлчилгээ үзүүлнэ” гэв.Түмэн шувуут” ХК-ийн аж ахуйд одоогоор 450000 тахиа байгаагаас 100000 ширхэг нь дэгдээхэй, үлдсэн нь өндөглөгч аж.
2024 онд “Түмэн шувуут-2” аж ахуйгаа бүрэн ашиглалтад оруулснаар нийт шувууны тоогоо 800 000-д хүргэхээр зорин ажиллаж буй юм байна. Эдүгээ “Түмэн шувуут”-ынхан өглөөний өндөг, залуу тахианы, цагаан, бор, эрүүл мэндийн багц, сувиллын өндөг, омегатай, селентэй, иодтой өндөг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж буй аж. Омегатай, селентэй, иодтой өндөг гэдэг нь тухайн тахианы тэжээлтэй нь холбоотой гэсэн. Ийм эрдэс, аминдэм агуулсан тэжээлээр бордсон тахианаас “тусгай” өндөг гардаг байна.
“Түмэн шувуут” ХК нь 240 ажилтантай, өндөглөгч тахианы 1, 2 аж ахуй, зургаан төрлийн малын тэжээл гарган авдаг “Агро фийд” тэжээлийн үйлдвэр, усалгаатай газар тариалантай аж. Мөн тахианы хаягдал сангасыг дахин боловсруулж, органик бордоо гарган авч, жилд 200-250 мянган тонн бордоо зах зээлд нийлүүлэх болжээ.