2023-07-05
“Багануур” ХК-ийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, 2030 он хүртэл “Нэг сая мод” тарьж ургуулахаар төлөвлөн, 2022 онд мод үржүүлгийн талбай байгуулжээ. Ингэхдээ тэд уулын модыг тайрч, шилжүүлэн суулгах бус, ойгоос үр түүж, хүлэмжиндээ үрслүүлэн, гадаах талбайдаа шилжүүлэх маягаар ургуулдаг юм билээ.
Энэ онд гэхэд уурхайнхан мод үржүүлгийн талбайдаа улиас, бургас модыг мөчрөөр, шар хуайс, шинэс, буйлс, голт бор зэрэг мод үрслүүлж, 100 000 ширхэг үрсэлгээ хийгээд байгаа аж. Үүнээсээ ирэх намар 10000 ширхгийг нь байгальд тарьж, суулгахаар бэлтгэн ажиллаж буй гэлээ. Мөн тус уурхайнхан 1999 оноос хойш байгаль орчныг хамгаалах, ашиглалтын талбайг нөхөн сэргээх ажлыг тасралтгүй хийсээр иржээ.